Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ширээний теннисний спортыг сурталчлах, шилдэг тамирчдыг тодруулах, тамирчдын ур чадварыг сорин чансааг тогтоох, оролцогчдын техник, арга туршлагыг солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ширээний теннисийг тус аймаг хөгжүүлэх зорилгоор Улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн насанд хүрэгчдийн тэмцээнийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч, доктор Д.Мандах, нарийн бичгийн дарга С.Галбадрах, Монголын ширээний теннисний гавьяат тамирчин Т.Болд, Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга Б.Баярмагнай, тэргүүлэгч гишүүн Н.Ариунболд, шигшээ багийн дасгалжуулагч Д.Цэрэнтогтох, шигшээ багийн дасгалжуулагч Ким Хеон Со нар оролцож, тэмцээнд оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр тус тэмцээнийг 2023 онд Дундговь аймагт зохион байгуулж буй улсын чанартай зургаа дахь тэмцээн хэмээн онцлов. Мөн цаашдаа нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаа дурджээ.
Тэмцээнд 9 клуб, Өмнөговь, Эрдэнэт, Дундговь аймгийн эрэгтэй 16 багийн 60 тамирчин, эмэгтэй 8 багийн 32 тамирчин оролцож байгаагийн дунд Олон улсын хэмжээний мастер 12, Спортын мастер 47 байна. Түүнчлэн тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын хэмжээний шүүгч Ж.Болд, нарийн бичгийн даргаар Олон улсын хэмжээний шүүгч Д.Түмэн-Өлзий нар ажиллаж байгаа юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.